Бүрэн оношилгоо

Бүрэн оношилгоо нь цөм хөтөлбөрийн дагуу зураглагдсан мэдлэгийн модыг салбар, салаа мөчир бүрээр нь шалгаж, хүүхэд аль зорилтыг бүрэн эзэмшсэн, аль зорилт дээр ургалт нь зогссоныг тодорхойлно. Хоцрогдол үүссэн бол хаанаас эхэлснийг олж, эцэг эх, багшид зориулсан дэлгэрэнгүй тайлан гаргана. Одоогоор математикийн 1–12, физикийн 6–12 дугаар ангийн оношилгоо бэлэн байна.

Хэрхэн явагддаг вэ

  1. Сурагчийн анги, хичээлийн жилийн эхэн эсвэл дунд үе болохыг сонгоно.
  2. Эхлээд хоёр туршилтын даалгавар бодож, хариулах аргатай танилцана. Эдгээр нь тайланд орохгүй.
  3. Дараагийн даалгавар бүр өмнөх даалгаврын хариултаас хамаарч өөрчлөгдөнө. Буруу хариулсан бол мэдлэгийн модны тухайн мөчрийг доош нь дагаж, суурь зорилтыг шалгана. Зөв хариулсан бол дараагийн зорилт руу шилжинэ. Мэдэхгүй даалгавар дээр «Мэдэхгүй» товчийг дарж болно. Таамаглаж хариулснаас ингэх нь оношийг илүү бодит болгоно.
  4. Оношилгоо дуусмагц тайлан шууд гарна. Тайлангаа дараа нь кодоороо дахин нээж болно.

Тайланд юу байдаг вэ

  • Мэдлэгийн модны зураглал: салбар бүр, анги бүрээр аль зорилтыг бүрэн эзэмшсэн, аль зорилтыг нөхөх шаардлагатайг харуулна.
  • Нөхөх зам: хаанаас эхлэх (★), ямар дарааллаар ургалтыг нөхөхийг тодорхойлно.
  • Буруу хариулсан даалгавар бүрийн тайлбар.
  • Хурд: даалгаврыг жишиг хугацаатай харьцуулахад хэр хурдан гүйцэтгэсэн.
  • Зөвлөмж: бага, дунд ангид эцэг эхэд хүүхдээ хэрхэн дэмжих тухай, ахлах ангид сурагчид өөрт нь.
  • Багшийн хавсралт: зорилт бүрийн эзэмшлийн төлөв, буруу хариулсан даалгаврын бүртгэл.

Хугацаа, нөхцөл

Сурагчийн ангиас хамаарч 20–90 минут үргэлжилнэ. Гэрээсээ эсвэл анги танхимд хичээлийн цагаар хийлгэж болно. Явцын дунд түр зогсоож, гарч ирсэн кодоор өөр өдөр үргэлжлүүлнэ.

Энэ бол шалгалт биш

Оноо, дүн гардаггүй, явцын дунд зөв, буруу нь ч харагддаггүй тул айх зүйлгүй. Тооны машин, гар утас, бусдын тусламжгүйгээр өөрөө хариулбал тайлан бодит гарна.

10–12 дугаар ангид

Үндсэн оношилгооны дараа сонгон судлах агуулгаа хүсвэл тусад нь шалгуулж болно. Нэг удаад 60 минут хүртэл үргэлжилж, дүн нь тайланд тусдаа хэсэг болж нэмэгдэнэ.